Sunday, July 16, 2017

Хийх, хийрхэх

Хийдэг  бүтээдэг.
Хийрхдэг бүтэлгүйтдэг.

Ц.Лувсандорж 

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 

Friday, July 14, 2017

Дорны анир дор



              Дорны анир дор


Мэлтэлзэх сартай дорны шөнийн  одон нөмрөгтэй тэнгэрийн дор 

Хурмастын нандин эгшигтэй шөнөжин найрсаж хөгжинө. 

.....

Дорны шөнийн анир дор

Шөнөжин найрсаж хөгшинө.


Сэвэлзэх салхитай дорны өглөөн сарны мөртэй нарны дор  
Гэрлийн мөнгөн цацрагтай өглөөжин наадаж цэнгэнэ.

....

Дорны өглөөн анир дор

Өглөөжин наадаж цэнгэнэ.


Анирлах орчилтой дорны өдрийн далайн өмсгөлтэй огторгуй дор

Огторгуйн цагаан аялгуутай өдөржин хоршиж дуулна.
....


Дорны өдрийн анир дор

Өдөржин хоршиж дуулна.


Шиврэх бороотой дорны үдшийн солонгон чимэгтэй үүлсийн дор 

Уулсын хөлөрсөн шүүдэртэй үдшийн бүрийд бүжнэ.


Дорны үдшийн анир дор 

Үдшийн бүрийд бүжнэ.


               Ц.Лувсандорж 


2017 оны 7 дугаар сар 15-ны өдөр

Wednesday, July 12, 2017

Ирээдүйн Наадам

 Ирээдүйн Наадам

Ирээдүйн Наадам ногоон
Ирээдүйн Наадам цагаан
Ирээдүйн Наадам ирээдүй
Ирээдүйн Наадам цэнгэл

Одоогийн наадам махан
Одоогийн наадам мөнгө
Одоогийн наадам өнгөрсөн
Одоогийн наадам тэмцэл

Махан учраас зовлон
Мөнгө учраас шунал
Өнгөрсөн учраас алдаа
Тэмцэл учраас зөрчил

Ногоон учраас амгалан
Цагаан учраас  нөхөрлөл
Ирээдүй учраас тэмүүлэл
Цэнгэл учраас инээд баясал


Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 

Эгшин



        Эгшин 
 
Нас хэлтийх мөч
Нартын замыг хүүрнэнэ
Сар мэлтийх шөнө
Чанадын жамыг шивнэнэ.

Үсэнд буусан сор
Оршиж одохыг  дуурсгана.
Усанд унасан сар
Одож оршихыг дуулгана.

Андын өтөлсөн дүр
Туулсан эгшинг тоолно.
Алсад анирлах одод
Дуулсан, уйлсныг тольдоно.

Амьдарч тоолсон эгшин
Алдаж оносныг гэрчилнэ.
Алдарч эхлэх агшин
Анирлах, буцахыг дэнслэнэ.

Алдаж онохын гэрч
Эгшин бүрийг цэгнэнэ.
Анирлах буцахын дэнс
Агшин бүрийг гамнана.

 Мэлтийх сартай шөнө
Чанадын жамыг мэдэрнэ.
Хэлтийх настай үе
Нартын замыг мэднэ.

Ц.Лувсандорж 
2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 

Шаргат морьтын зуслан



Wednesday, April 19, 2017

Хөгжлийн гурван чөдөр

Авилгалд идэгдсэн нам, алийгаа алдсан лам, эрдэм үгүйрсэн ном манай улсын хөгжлийн чөдөр мөн. Энэ чөдрийг бултлахад энэ улс өөрөө өөрөөрөө дэвжинэ. Чөдрийг л бид мултлах хэрэгтэй. Энэ л хамгийн чухал.

2017 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр

Thursday, April 13, 2017

Математик судлахын үнэн үнэ цэнэ


Математикаар хичээллэхэд хүн ухаалаг, шударга, төлөв даруу, өөртөө итгэлтэй болдог.  Үүнд л математик судлахын үнэн үнэ цэнэ нь оршдог юм. 

Ц.Лувсандорж
2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр

Thursday, March 2, 2017

АНД МИНЬ



Он цагийн энэ урсгалд үйлсээрээ ижилсэж, хувь заяагаараа ихэрлэн яваа бүх андууддаа зориулж энэхүү мөрүүдийг  тэрлэв.

                         АНД МИНЬ 

Одох, орших  ижил  хэмэнд
Зовох, жаргах ихэр заяанд
Он цагийн нэг урсгалд
Нэгсэж урссан АНД минь,
Таныгаа би,
Анирлан будрах цасны
Аргадан нэгсэх аясад
Амин зүрхний  угаас
Аялан хайлан дурсана.

   Он цагийн энэ урсгалд
   Алдах, онохын шалтаг нэг
   Он цагийн нэг урсгалд
               Зовох, жаргахын учир нэг Анд минь,  
               Таныг би,
    Уйлагнан шивнэх борооны
    Ухаарал  исгэрэх шиврээнд
    Уяхан сэтгэлийн язгуураас
                Уяран хайрлан дуулна.

                Оршихын энэ хэмнэлд
                Авах, өгөхийн учрал нэг
                Одохын тэр эгшинд  
                Онох, алдахын дэнс нэг Анд минь,
                Тандаа би,
    Навчис илгээх салхины
                Дурсамж сэргээх исгэрээнд
    Дуулах, уйлахын ихэр заяагаа
     Дуурсган дуурсгана хүүрнэнэ.

                  Он цагийн нэг урсгал
      Зовох, жаргах ихэр заяа
      Одох, орших  ижил  хэм
      Он цагийн энэ урсгал,
       АНД минь.

Ц.Лувсандорж
2017 оны 3 дугаар сар 3-ны өдөр