Thursday, March 2, 2017

АНД МИНЬ



Он цагийн энэ урсгалд үйлсээрээ ижилсэж, хувь заяагаараа ихэрлэн яваа бүх андууддаа зориулж энэхүү мөрүүдийг  тэрлэв.

                         АНД МИНЬ 

Одох, орших  ижил  хэмэнд
Зовох, жаргах ихэр заяанд
Он цагийн нэг урсгалд
Нэгсэж урссан АНД минь,
Таныгаа би,
Анирлан будрах цасны
Аргадан нэгсэх аясад
Амин зүрхний  угаас
Аялан хайлан дурсана.

   Он цагийн энэ урсгалд
   Алдах, онохын шалтаг нэг
   Он цагийн нэг урсгалд
               Зовох, жаргахын учир нэг Анд минь,  
               Таныг би,
    Уйлагнан шивнэх борооны
    Ухаарал  исгэрэх шиврээнд
    Уяхан сэтгэлийн язгуураас
                Уяран хайрлан дуулна.

                Оршихын энэ хэмнэлд
                Авах, өгөхийн учрал нэг
                Одохын тэр эгшинд  
                Онох, алдахын дэнс нэг Анд минь,
                Тандаа би,
    Навчис илгээх салхины
                Дурсамж сэргээх исгэрээнд
    Дуулах, уйлахын ихэр заяагаа
     Дуурсган дуурсгана хүүрнэнэ.

                  Он цагийн нэг урсгал
      Зовох, жаргах ихэр заяа
      Одох, орших  ижил  хэм
      Он цагийн энэ урсгал,
       АНД минь.

Ц.Лувсандорж
2017 оны 3 дугаар сар 3-ны өдөр



No comments:

Post a Comment