Sunday, July 30, 2017

Хайр

Үнэн хайр мөнхийн хайрын үлгэр оюутан                    цагийн хэдхээн андынхаа гэгээн үехлийг дурсан дуурсган энэхүү мөрүүдийг тэрлэв.


                                                             Хайр

Холдох тусам тодорч бодогддог

Өтлөх тусам нялхарч мэдрэгддэг

Зөнд баригдаж зүүдэнд ирдэг

Бодолд өнжиж нойр хулжаадаг

Үг үгүй өнгө үгүй

Үлгэр үгүй нөхцөл үгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Сэтгэл алдарсан зүрхэнд амилдаг

Өр нимгэрсэн харцанд илэрдэг

Малгайлах цасны хэмэнд шивнэдэг

Сэвэлзэх салхины аясад эгшиглэдэг

Буруу үгүй зөв үгүй

Гэмшил үгүй нэхэл үгүй

Мөнхийн хайр үнэн хайр

Үнэн хайр мөнхийн хайр

Буурал намрын хонгор салхитай хамт

Будант өдрийн бороо манантай хамт

Үргэлж санагалзах төөрөг тавилантай хамт

Чимээгүй аяараа урсах нулимстай хамт

Зовлон үгүй жаргал үгүй

Эртдэхгүй оройтохгүй

Үнэн хайр мөнхийн хайр

Мөнхийн хайр үнэн хайр

Ц.Лувсандорж

2015 оны 12-р сарын 14-ний өдөр

Tuesday, July 25, 2017

Шувуу шиг ид

Шувуу шиг 


Шувуу шиг идвэл
Шувуу шиг хөнгөрнө
Гахай шиг идвэл
Гахай шиг хүндэрнэ.

Хөнгөн шувуу нисдэг
Хүнд гахай хэвтдэг
Нисдэг нь цэнгэдэг
Хэвтддэг нь өвддөг.

Өвдөхийн эх ч идэхээс
Цэнгэхийнх ч тэрнээс
Хөнгөн нь шувуу лугаа
Хүндхэн нь гахай лугаа

Гахай шиг хүндэрнэ
Гахай шиг идвэл.
Шувуу шиг хөнгөрнө
Шувуу шиг идвэл.


Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Thursday, July 20, 2017

Бодол шиг урсах амьдрал



  Бодол шиг урсах амьдрал

Үлгэр шиг өрнөх амьдралаа, би
Үргэлж өнгөлж чадлуу даа
Үйлэн үртэй замыг, би
Үнэн чандлаж тууллуу даа.

Нулимстад  ганцхан  ижийгээ
Дандаа  хайрлаж явлуу даа
Нартад ганцхан аавийгаа
Дээдлэн асарч  үзлүү дээ

 Орчлонд нэгхэн  багшийнхаа
 Өгснийг өргөж дэвшлүү дээ
 Орчил  нэгт  түмнийхээ 
 Түшснийг өсгөж дэвжлүү дээ

Бороо шиг асгарах нулимсаа
Дэнсэлж  нэг хэмжлээ дээ, би.
Бодол шиг урсах амьдралаа
Цэгнэж  ингэж л шинжлээ дээ, би

Ц.Лувсандорж 

2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр


Wednesday, July 19, 2017

Хоёр сагсгар



           
  
                               Мурих бичгийг сурах бичиг гэх
                               Хоёрын тоог  оюутан гэх
                               Буруу бодлогыг  цэцэн  гэх
                               Бүтэлгүй нэгэн удирдагч гэх
                               Намчинг номчин гэх болтлоо дордсон боловсролын салбарт 
                               ийм сагсгар хоёр биш харин олоон бий.  
                               Сагсгар сагсалцахын хор нөлөөг найман мөрөөр "Хоёр сагсгар"-т
                               хэлэх гэж оролдов.

  
  
            Хоёр сагсгар

Арга зүй үгүй агуулга үнэгүй
Агуулга үгүй аргазүй цэнэгүй
Цэнэгүй аргазүй нэг сагсгар
Үнэгүй  агуулга  бас сагсгар

Хоёр сагсгар сагсалцахад
Хий хоосон цутгагдана.
Хоёрын тоо элбэгшинэ.
Худал, хуурмаг цэнэлэгдэнэ.

Ц.Лувсандорж 

2017 оны 7 дугаар сар 20-ны өдөр 

 http://monaphorism.blogspot.com/2017/07/blog-post_19.html

Tuesday, July 18, 2017

Сэтгэл, зүтгэл, ухаан

Сэтгэл дутахад зүтгэл үгүй.
Ухаан дутахад зүтгэл үргүй.

2017 оны 7 дугаар 19-ний өдөр

Sunday, July 16, 2017

Хийх, хийрхэх

Хийдэг  бүтээдэг.
Хийрхдэг бүтэлгүйтдэг.

Ц.Лувсандорж 

2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 

Friday, July 14, 2017

Дорны анир дор



              Дорны анир дор


Мэлтэлзэх сартай дорны шөнийн  одон нөмрөгтэй тэнгэрийн дор 

Хурмастын нандин эгшигтэй шөнөжин найрсаж хөгжинө. 

.....

Дорны шөнийн анир дор

Шөнөжин найрсаж хөгшинө.


Сэвэлзэх салхитай дорны өглөөн сарны мөртэй нарны дор  
Гэрлийн мөнгөн цацрагтай өглөөжин наадаж цэнгэнэ.

....

Дорны өглөөн анир дор

Өглөөжин наадаж цэнгэнэ.


Анирлах орчилтой дорны өдрийн далайн өмсгөлтэй огторгуй дор

Огторгуйн цагаан аялгуутай өдөржин хоршиж дуулна.
....


Дорны өдрийн анир дор

Өдөржин хоршиж дуулна.


Шиврэх бороотой дорны үдшийн солонгон чимэгтэй үүлсийн дор 

Уулсын хөлөрсөн шүүдэртэй үдшийн бүрийд бүжнэ.


Дорны үдшийн анир дор 

Үдшийн бүрийд бүжнэ.


               Ц.Лувсандорж 


2017 оны 7 дугаар сар 15-ны өдөр

Wednesday, July 12, 2017

Ирээдүйн Наадам

 Ирээдүйн Наадам

Ирээдүйн Наадам ногоон
Ирээдүйн Наадам цагаан
Ирээдүйн Наадам ирээдүй
Ирээдүйн Наадам цэнгэл

Одоогийн наадам махан
Одоогийн наадам мөнгө
Одоогийн наадам өнгөрсөн
Одоогийн наадам тэмцэл

Махан учраас зовлон
Мөнгө учраас шунал
Өнгөрсөн учраас алдаа
Тэмцэл учраас зөрчил

Ногоон учраас амгалан
Цагаан учраас  нөхөрлөл
Ирээдүй учраас тэмүүлэл
Цэнгэл учраас инээд баясал


Ц.Лувсандорж

2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 

Эгшин



        Эгшин 
 
Нас хэлтийх мөч
Нартын замыг хүүрнэнэ
Сар мэлтийх шөнө
Чанадын жамыг шивнэнэ.

Үсэнд буусан сор
Оршиж одохыг  дуурсгана.
Усанд унасан сар
Одож оршихыг дуулгана.

Андын өтөлсөн дүр
Туулсан эгшинг тоолно.
Алсад анирлах одод
Дуулсан, уйлсныг тольдоно.

Амьдарч тоолсон эгшин
Алдаж оносныг гэрчилнэ.
Алдарч эхлэх агшин
Анирлах, буцахыг дэнслэнэ.

Алдаж онохын гэрч
Эгшин бүрийг цэгнэнэ.
Анирлах буцахын дэнс
Агшин бүрийг гамнана.

 Мэлтийх сартай шөнө
Чанадын жамыг мэдэрнэ.
Хэлтийх настай үе
Нартын замыг мэднэ.

Ц.Лувсандорж 
2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 

Шаргат морьтын зуслан