Thursday, August 6, 2020

Ээж орчлон

 

Ээж орчлон

Тогоруун дэнж нутгаа зүүдэллээ.

Толгодын дунд тоонот минь  тодорлоо.

Тогоондоо сүү сүлэрч үнэртлээ.

Тотгоны цаахнаа ээж минь сүүмэлзлээ.

Дэлхийн дэнж нутгийн зүүдэнд

Нутгийн цэнэтэй ээж минь эргэлээ.

Оройн дээд ээжээ дуудлаа.

Оргил мөнгөн уулс минь өндөлзлөө.

Энгэртээ цэцэгс эрхэлж дэлбээллээ.

Тэнгэрийн нааханаа нутаг минь зэрэглээтлээ.

Энэрлийн дээд ээжийн зүүдэнд

Ээжийн энтэй нутаг минь ирлээ.

Орчлонгийн сувд дэлхийгээ дууллаа.

Өн мөнхийн сар минь ханьслаа.

Орчилдоо эрхэс найрсаж чууллаа.

Ододын дунд ээж минь байлаа.

Сувдан цэнхэр дэлхийн зүүдэнд

Орчлонгийн эх ээж минь буулаа.

 Ц.Лувсандорж

2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр

Шарга морьтын зуслан

No comments:

Post a Comment