Thursday, August 1, 2019

ЖИЙП АХ




ЖИЙП АХ

Манангийн шиврээнд зусландаа ихэд уйдсан Бадрах гуай “Ах нь нөгөө уншуулдаг юм аа, жийпэндээ орхичихож дээ” гэж сурмагхан хээв хэлж автобусанд оронгуутаа суучихмаар суудал хайн түр зогс хийхэд тээр хойно сууж байсан нэгэн залуу “Баянаа, ах аа, энд суу” гэж яаран сандран түүнд суудал тавьж өгөнгөө ийнхүү таарсандаа ихэд олзуурхсан янзтай байх. Тэдний дунд яриа нэг иймэрхүү өрнөх.

Залуу “Баянаа, ах, та сайхан зусаж байна уу” гэхэд Бадрах “Би жийпээрээ энд сая буулгууллаа” гэв.

Залуу хэсэг дуугүй байснаа “Таны бие тэнхээ сайн биз дээ” гэхэд тэрээр “Ах нь нөгөө муу жийпээ саяхан сольж шинэ болгосон” гэх.

Залуу автобусны цонхоор элдвийг харж, түүний хэлсэнг огт сонсоогүй дүр эсгэн хэсэг дуугүй байснаа үргэлжлүүлж “Танай хүүхдүүд одоо хаана, юу хийж байна даа” гэж нэгэн цагт тоглож дүрсгүйтэж явсан үе тэнгийн хэдийнхээ талаар чих тавихад Бадрах гуай “Манай хашаанд одоо хоёр, гурван жийп байна” гээд хээв нэг суух.

Залуу “Танайх одоо хотод хаагуур байна даа” гэхэд Бадрах гуай “Буух буудал дээр минь намайг жийпээр тосож байгаа” гэх.

Яриа нь нэг л нийлж өгөхгүй байгаад ч юм уу, эсвэл сониучлах зүйл нь үгүй болсон нь ч юм уу, эсвэл  Баянаа ахынхаа жийпэн хэлийг ухаарч барихад ухааны бяд дутсан уу бүү  мэд, нөгөө залуугийн царайнд анх бий байсан олзуурхсан байдал нь алсуур замхарч, тэдний яриа ч үгүйрч хэдэн буудал тэнд нам гүм өнгөрөв. Бадрах гуайг буух янзтай суудлаасаа өндөлзөхөд нөгөө залуу “За, Баянаа ахаа, баяртай” гэж хэлээд, автобусны шатаар буухад нь түүнийг түшиж дэм болж харагдах. Ингэх зууртаа залуу “Баянаа ахыг нь тосон зогсох жийпийг бас олж харахыг хичээж байгаа юм болов уу” гэлтэй хавь ойрд нь хараа тогтоож ядах.

“Баянаа ах” гэж дуудан ихэд хүндэтгэж байсан Бадрах гуайг ийнхүү буун одоход нөгөө залуу ихэд бодлогошронгуй болж уртаа санаа алдан хэсэг дуугүй сууснаа хэнд хандаж байгаа нь үл мэдэгдэм байдлаар “Хөөрхий, хөөрхөн ах минь. Нутгийн хөөргөн ах минь. Баян ах минь, Жийп ах минь” гэж бувтнана.

Бадрах гуайн өглөө бүхэн ингэж хөлөглөдөг автобус довтлон цаашлах бүрт “Баянаа ах” гэж залуугийн дуудаж байсан Бадрах гуайн төрх үл танигдам болж улам л алсран бүдгэрэвч ярих бүхэндээ л “жийп” гэдэг үгийг заавал юм шиг оруулан жийпэн хэлээр ярьж “Баян ах” гэж дуудагдаж, хүндэтгэгдэнгээ хээв нэг сууж байсан “Баян Бадрах”-ын дүр нь харин дэргэд юм шиг үлдэж “жийп ах”-ын тухай ихийг өдөөн элдвийг хүүрнэнэ.

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр

No comments:

Post a Comment