Тэсийн голын хасах 50 ч сайхан даа
Би Тэсийн голын хүн л дээ. Тэнд өвөл нь ер нь хүйтэн байдаг. Хүн малгүй тэсгэм хүйтэндээ оршихуйн хуулиар дасаад аль хэдийн зохицчихсон. Тэсийн голынхон тэсийн өвөлдөө илүү цуутай. Тэсийн гол тэсгэм өвөлдөө илүү дуутай. Дуртай.
Тэсийн гол маань биднийгээ тэсэхэд сургадаг. Тэсийн гол минь тэс тэс гэж дуулангаа тэсэж тэсэхийг бидэнд заадаг тэсэхийн их сургууль минь билээ.
Тэсийн голын хөвөөнд хасах 50 хүрэх нь нутгийн өвлийн шинж юм. Тэсийнхэн л тэсэхээр өвөл үгүй бол тэсийн голд өвөл үгүй.
Тэсийн голын хөвөөний өвөл нь дэндүү гоёмсогсон. Цан хүүрэг нь савсалзсан, цасан далай нь цэлийсэн. Уулс ус, хүн амьтан бүхэлдээ цан хүүрэгжсэн, цас өдөр шөнөгүй хялмалсан, тэнгэр нь цэв цэнхэр, уулс нь цав цагаан, салхи нь тув тунгалаг, булаг нь өдөр шөнөгүй хоржигносон, чацаргана нь цасан чимэгтэйгээр булцайсан, модод нь цан хүүрэгтээ хөвсийсөн, тэсийнхэн тэсийн голдоо ариуссан, сэтгэл нь өвөлдөө , хүйтэндээ тун тунгалагжсан, залуус нь цан чаргаар гулган цасан дээрх эрвээхэйг мэт эрвэлзэн дэрвэлцэн цэнгэсэн Тэс нутаг минь бүхэлдээ тэсийн өвөлдөө гоёмсог. Тэс нутгийнхан тэсийн өвөлдөө эрмэг, тэсэхийн сургаалдаа эрхэмсэг.
Тэсийн голын өвөл тэсийнхэн л тэсрэхээр байхдаа л илүү гоёмсог. Илүү эрхэмсэг.
Ц.Лувсандорж
2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр