Tuesday, December 15, 2020

Бодолд урсах ээж

 

Үг. Ц.Лувсандорж                        Ая. П.Насан-Очир

        Бодолд урсах ээж 

Аяны шувууд буцахаар

Аглаг нуур минь дүнсийнэ дээ.

Ачит ээж минь алсрахаар

Алаг хорвоо хагасарна даа. 

                  Дахилт

         Нууранд эрхлэх шувуудтай

         Нүдэнд минь эргэх ээж минь

         Зүүдэнд бүүдийх нутаг шиг

         Зүрхэнд хурах ээж минь

Зээрийн сүрэг хулжихаар

Зэрэглээт тал минь ханхайна даа.

Хайрт  ээж минь анирлахаар

Хүний орчлон хугасарна даа. 

        Талд дүүлэх зээртэй

        Сэтгэлд минь дуулах ээж минь

        Уулсаа хээлэх цэцэгс шиг

        Ухаарал хэлхэх ээж минь

Ботгон буйлаан сонсохоор

Бодлын нулимс минь асгарна даа.

Тэнгэрийн ээж минь аргадахаар

Энгэрийн гуниг сэмэрнэ дээ. 

        Говьд  буйлах ботготой 

        Бодолд минь урсах ээж минь

        Зүсрээд шиврэх бороо шиг

        Зүслээд ирэх шиг ээж минь

 

                        -oOo-

 

 https://www.youtube.com/watch?v=0jgaubZrJy8


 

 

Thursday, October 8, 2020

Хайр халамж, зовлон бэрхшээл

 

 

Хүн хийгээд аливаа амььтан хайр, халамжийг дааж чаддаггүй, харин зовлон бэрхшээлийг туулж чаддаг.

Хайр халамж, зовлон бэрхшээлийг хэв хэмжээг яг тааруулж байх нь чинхүү халамж, хайр юм. 

 

 

Ц.Лувсандорж 

2020 оны 10 дугаар сарын 9-ны өдөр 

Sunday, October 4, 2020

ОРОЙН ДЭЭД ХҮМҮН

 

ОРОЙН ДЭЭД ХҮМҮН

 

Хил хязгааргүй орон анирлан анирлан цэлийгээд

Хүслийн өнгөөр найрсан эрхэс эрхлэхэд  

Оройн дээд хүмүн сэтгэлийг лимбэ шиг хөглөн

Олон оршихуйн оргилд эгшиглэнэ.

 

Бүрхэг шөнө шиг орон бүүдийн бүүдийн  түнэрлээд

Буурал цагаас хэтийдэн ихэс сүүмэлзэхэд

Оройн дээд хүмүн амьдралыг нар  шиг тэтгэн

Олон оршихуйн магнайнд гэрэлтэнэ.

 

Үүл болж эрхэс дуудан шивнэлдээд

Үйлэн үр төлөгдөн саран гийж угтахад

Оройн дээд хүмүн тэндэхийн гоёлд алмайрч

Олон оршихуйн дуулалд нь ая нэмнэ.

 

Ц.Лувсандорж

2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр

Шаргат морьтын зуслан

(Цас малгайлж уул ус жаварласан ойд алхан байж буулгав.)

Жич. Ардын уран зохиолч Ж.Бадраан “Орь залуу нас”  шүлэг нь ур хийц, утга агуулга хувьд шинжлэх ухааны өнөөгийн сэтгэлгээ, хандлага, соёл иргэшлийн түвшний утгаараа чансаатай нэгэн бүтээл болохыг тэмдэглэж байна. Харин би  түүнд цаг хугацаа, үнэний хувь,  мөн чанар, хэмжээсийн талаас нь шүүмжлэлтэй хандан тэрхүү шүүмжээ дээрх мөрүүдэд буулган үлдээв. Хүний орь залуу нас л дан оргил нь байдаг юм биш харин  хүмүн заяа нь өөрөө олон төрөл, оршихуйн оргил юм. Хүний заяаг олж төрсөн болохоор хүн бүр зохиолчийн хүүрнэсэн шиг орь залуу нас шигээ ямагт байх нь хүний амьдралын утга учир юм. Тэгэж чадвал тэр анирлан анирлан цэлийх, бүүдийн бүүдийн түнэрлэх олон орон зайн олон хэмнэл, олон хэмжээст дор олон хэлбэрээр умбан оршиж чадна.

Thursday, August 6, 2020

Ээж орчлон

 

          Ээж орчлон

 

Тогоруун дэнж нутгаа зүүдэлнэ.

Толгодын дунд тоонот минь тодорно.

Тогоондоо сүү сүлэрч үнэртэнэ.

Тотгоны цаахан ээж минь сүүмэлзэнэ.

Дэлхийн дэнж нутгийн зүүдэнд

Нутгийн цэнэтэй ээж минь эргэнэ.

Оройн дээд ээжээ дуудна.

Оргил мөнгөн уулс минь өндөлзөнө.

Энгэртээ цэцэгс эрхэлж дэлбээлнэ.

Тэнгэрийн наахан нутаг минь зэрэглээтэнэ.

Энэрлийн дээд ээжийн зүүдэнд

Ээжийн энтэй нутаг минь ирнэ.

Орчлонгийн сувд дэлхийгээ дуулна.

Өн мөнхийн сар минь ханьсана.

Орчилдоо эрхэс чуулж дуулна.

Ододын дунд ээж минь гэрэлтэнэ.

Сувдан цэнхэр дэлхийн зүүдэнд

Орчлонгийн эх ээж минь гэрэлтэнэ.

 Ц.Лувсандорж

2020 оны 7 дугаар сарын 22-ний өдөр

Шарга морьтын зуслан