Sunday, November 10, 2019

УС ШИГ БАЙ

УС ШИГ БАЙ

Ус шиг хувир.
Ус шиг уусга.
Ус шиг урсга.

Ус шиг бэхж.
Ус шиг хатуур.
Ус шиг тэл.

Ус шиг уус.
Ус шиг нэгс.
Ус шиг урс.

Ус шиг уурш
Ус шиг нэвч.
Ус шиг шингэ.

Ус шиг хувьс.
Ус шиг уурс.
Ус шиг бай.

Ц.Лувсандорж

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Thursday, August 29, 2019

Хамтрагчийн гунирхал

Хамтрагчийн гунирхал


"Таван сарын турш хамтарсан нь баримтаар нотлогдвол өмч хуваана" гэсэн феминист заалтаас болж алинтай нь ч 4 сар, 29 хоногоос илүүтэйгээр хамт амьдарч үзээгүй ч таван хамтрагчаас олсон таван хүүхдээ хүний дайтай өсгөж хөлгийн дөрөөнд хүргэсэн Дулам эмээ ахмадын асрамж (elder care centre)-ийн газартаа эртлэн босож эрээн бараан амьдралыг эргэцүүлэн суух...

Дулам эмээгийн энэ дундуур бодлыг харин залуухан хамтрагчтайгаа ид яваа залуу асрагчийн "энэ сонгуульд Хамтрагчийн эрх ашгийг хамгаалах нам ялжээ" гэсэн цангинасан дуу сарниана. 

Тийнхүү хэлж баяртай зогсох залуу асрагчийг Дулам эмээ дурамжхан харснаа тэрээр цааш түнтэр тунтар хэд алхахшуу болж бүүдгэр өдрийн бүүдгэр цонхоор шагайвал тээр тэнд хамтрагчид сонгуульд ялсан баяраа цугаар тэмдэглэж, туг дарцаг болж байх... 


Хамтрагчийн эрх ашгийг хамгаалах нам сонгуульд ийнхүү ялсанд хамтрагчид бөөн баяр, бөөн хөөр....

Олон асуудлаа олноороо тэд одоо өөрсдийнхөөрөө л шийднэ. Хамтрагчийн соёлоо бүр бататгана, их түгээнэ...

Залуухан хамтрагчид ийнхүү ихэд баярлан хөөрч байхад хамтрагчийн соёлыг бүтээх, хамгаалах хуулийн заалт бүрийн ялагч нь бус харин жинхэнэ хохирогч болж амьдралыг өдий хүртэл тийнхүү туулж замын төгсгөлд ийнхүү ирсэн Дулам гуай харин дуугаа ихэд хурааж, өдөржин дуугүй л суух...


Ц.Лувсандорж

2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр

Sunday, August 18, 2019

Ангийн багшийн хачин хурал

Ангийн багшийн хачин хурал

Долгор багшийн зарласан хурлын зарыг сонсох бүртээ эцэг Дондог л ихэд догдолж, сурсан зангаараа ажлаа их эрт зохицуулаад хуралдаа эрт ирэн асуудлыг биш Долгороо л ажиглаж суудаг аж. Дондогоос бусад нь харин дассан авираараа эцэг эхийн хуралдаа цагтаа ерөөсөө ирдэггүй харин намар орой тугаландаа ирж байгаа үхрийн сүрэг шиг уван цуван цугларах аж. Үүнд Долгор жигтэйхэн дургүй ч, харин Дондог дуртай гэгч жигтэйхэн юмсанж.

Анги засах тухай хэлэлцэх ээлжит хурлын зарыг Долгороосоо авсан Дондог ихэд догдолж сурсан зангаараа ангид орж ирэхэд түүнээс бусад нь харин цагаасаа өмнө, бүр эрт ирчихсэн их л додигор царайлан сууцгааж байх. Дондог Долгороо гэж бодон харахад түүнийх нь царайнд нь ичих, эмээсэн байдал ил, нэг л хачин байх. Дондог дотроо нэгийг эргэцүүлж, нөгөөг бас санан суудлаа эзлэхэд эцэг эхийн хурал ч эхлэв.

Долгор багш эхлээд Зөрчлийн хууль гэгчээр нилээд хөөрөв. Нөгөөгөө л эргэлцүүлж суусан Дондогт харин зөрчлийн хуулиас үлдсэн зүйл бага ч “ багш хүүхэд, эцэг эхээс мөнгө хураан авбал зөрчил юмсанж” гэсэн утга харин чихэнд нь эвтэй бууж тархинд нь аятай эргэлдэх. Ингэж суух зуураа Долгороо ажиглахад түүнд харин ийм аятай, тийм эвтэй байдал ерөөсөө харагдахгүй байгаа нь их л хачин санагдав.

Зөрчлийн хуулийн зөв гэмээр заалтыг мөрдөж хэрэгжүүлэх тухай сургуулийн захирлынхаа шийдвэрийг Долгор багш бас л их хачин танилцуулав. Түүнийг сонссон эцэг эхчүүд бас л нэг хачин байх. Чихэнд эвтэйхэн, тархинд аятайхан зүйлийг ийм хачин байдалтай ярьж байгаа Долгорынхоо хачин байдалд Дондог ч бас хачин болж эхлэх янзтай.

Ийм хачин байдал, хачин уур амьсгал ангийг ч, хурлыг ч нэг л хачин байдалтай болгочихов. Хачин юм. Гэтэл олон жил эцэг эхийн зөвлөлийг хэл амтай авч ирсэн хашир Должин харин хачин биш байдалтай хээв нэг босож, Долгорын ярьсныг ч, Зөрчлийн хуулийг ч, бас түүнийг мөрдөх талаар сургуулийн захирлын тушаалын утга агуулгыг огт сонсоогүй хүн шиг, ерөөсөө тэдгээрийг огт тоохгүй “ За, эцэг эхчүүдээ, анги засварын мөнгөө одоо хураалга. Одоо өгч чадахгүй нь энэ дансанд хийнэ шүү” гэж хээв нэг хэлээд суух.

Долгорын минь ярьсны эсрэг энэ муу Должин юу яриад байна гэж бодон Долгороо өмөөрч Должинтой үзэлцэх санаатай бувтнах гэх зууртаа Долгороо ажиглахад түүний царайнд суусан хачин байдал аль хэдийнээ салхинд хийссэн мэт алга болж, тэрээр зорьсондоо, санасандаа хүрсэн тамирчин шиг дотооддоо их баясалтай, нүүрэндээ их цэнгэлтэй хачин өөр болчихсон зогсож байх.

Эргэцүүлж , эцэг эхийг ажиглавал тэд бүгд л анги засварын мөнгөө аваад ирчихсэн Должинд хураалгаж байх юм. Харин Дондог л түүнээс хоцорч байх.

Дондог хачин байдалтай тэвдэн босож, анги засварын мөнгөө “сэтгэл хангалуун зогсох Долгор минь хараасай” гэсэн янзтайгаар Должинд хурдан хураалгаад, Долгороо ширтэнгээ ангиас гарч гэрийн зүг алхах замдаа энэ удаагийн эцэг эхийн хачин хурлын тухай хачин ихээр эргэцүүлж явах. Хашир Должин, хачин Долгор, хачин хурал, хачин шийдэл. Нэг л хачин.
Ц.Лувсандорж
2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

НЭГ ДОВНЫ МАНГАР, АНГАР ХОЁР

НЭГ ДОВНЫ МАНГАР, АНГАР ХОЁР

Дов гуайнх хэдэн бортой юмсанж. Тэдний нэгийг нь Мангар, нөгөөг нь Ангар гэх.  Тэр гуай үе үе халахаараа “Зүүн суганаас ургаж гарсан зүггүй энэ Мангар довоо зүүн жигүүрээр дэвшүүлнэ. Баруун суганаас үсэрч унасан дэггүй тэр Ангар довоо, харин, баруун жигүүрээр  дэвжүүлнэ ”  гээд л хаяа хаяа ханхалзан дэвж явдаг байсан аж. 

Ажиж суухад, гэтэл, яах аргагүй л  Мангар мангайн, Ангар ангайн торниод  томроод байж. Гэвч бусад борууд нь тэдний энэ мангайлт, ангайлтыг анзаарсан ч анзаараагүй дүр эсгэн, Дов гуайн хэлсэнд итгэн  борви бохис хийлгүй зүтгэж явах. Ингэж явах нь тэдэнд борчуудын  жам ч  юм шиг, зам ч юм шиг, зарц ч юм шиг, заяа ч юм  шиг л санагдах. 

Томорч мангайсан Мангар довоо овоо овоо болгоно гэж мангартана. Мангарын ингэж мангартах бүрд нь Ангар мангарт хүртэл чимх цэцэн байж болохыг бүр умартан  ангалзана. Энэ бүрт дов зүүн талаасаа овоо овоожих бус харин баруун талаасаа  их элэгдэж гүн жалгажина. 

Торниж ангайсан Ангар довоо бүр сүмбэр уул болгоно гэж ангалзана. Ангарын тэгэж ангалзах бүрд нь Мангар ангалзаа хүртэл чимэх чимэгтэй байж болохыг тас мартан мангартана. Тэр бүрд дов баруун талаас өндийж ургах бус харин зүүн талаас бүүр нурж бас л гүн жалгажина.  

Нэг довны Мангар, Ангар хоёр ингэж л ээлжлэн мангартан ангайж, ангалзан мангартсаар л. Дов ч жалгажсаар л. Борви бохис хийлгүй зүтгэсэн борчууд ч доройтсоор л. Дов гуайнх ч  бүүр  дордсоор л.  Дов гуай,  харин, үе үеэ  больж, харин, бүр өдөр бүр  ихээр халуурсаар л, том томоор ханхалзсаар, тэсэрч бүр үсэрч дэвсээр л. 

Дов ч  жалгажиж гүнзгийрсээр л. Дов гуайнх ч дордож ядуурсаар л. Нэг довны Мангар, Ангар хоёр, харин,   улам бүр улам улайрч үзэлцсээр л. 

Аяа мунхаг яасан гаслам. 

Ц.Лувсандорж 

2018 оны 10 дугаар 21-ний өдөр

Зүүдэн Учралт Шагдар Багш минь

Зүүдэн Учралт Шагдар Багш минь

Ордон лугаа их том байшингийн том хаалгаар ороход тээр тэнд дээрээс доошоос унжсан их өргөн шат харагдана. Гэвч тэр  шатны хажуу дахь сандал дээр  зэрэгцэн сууж байгаа хоёр хүн, харин, тод томруун харагдах нь хачин содон, сонин. Тэдний байдлаас харахад  хүн хүлээж байгаа  юм болов уу гэж баригдана. Тэднийг зүглэн алхав. Тийшээ дөхөж  явахдаа “Яасан ч том, өргөн шат вэ”  гэж  гайхав. Мөн энэ  зуурт  “Энэ байшин эсвэл их том номын сан, эсвэл,  их том сургууль юм байна” гэсэн шүү мэдрэмж  төрөх. Тэр хоёр хүнтэй мэндэлж  ч амжаагүй байтал бараандуу саарал өнгийн костюм пиджакийг ганган хээнцэр биш ч, цэвэр нямбай, донжтой өмссөн, шалавхан хөдөлгөөнтэй цэмцгэр алхаатай, яг босгож самнасан биш, гэхдээ “босоо халимаг л “ гэж тодорхойлмоор; хар ч  биш, цагаан ч биш,  ер нь бараан л гэж хэлмээр  үстэй,  дунд зэргийн нуруутай нэгэн хүн тэдэн лүү нөгөө өргөн шатаар бууж дөхөн очоод,  жаахан бөхийн, тус бүрд нь зөвлөгөө өгч байгаа болов уу гэмээр өөртөө их л итгэлтэйгээр, төвөггүй  ярина. Уг байдал, үйл хөдлөл нь их танил мэдрэгдэх  тэр хүнийг ажиглан, чимээгүй дуугүй зогсож  байсан би гэнэт “Шагдар багш” гэж  дуу алдав. Сэрэв.    
“Шагдар багш.  Багш зүүдэнд иржээ. Гэхдээ буурал үсгүйгээр  ирлээ. Багш маань залуу, цоглог харагдаж байна. Сайн яваа юм байна, бас өндөрт яваа юм байна даа” гэж өөртэйгээ ярьж хэвтэх зууртаа миний энэ амьдралыг зүүд мэт өөрчилсөн ачит багшийн ачлалыг нэг эргэцүүлэв.    

1989 оны хавар юм даа. Бид МУИС-д 5 жил суралцаж,  математикч, математикийн багш болж  тал тал руу, нутаг нутагтаа буцаж байсан үе. 5 жил нэг анги, нэг хэмнэл дор явсан бидний хувьд түрүүлж явсан нэгнийгээ үлдсэн нь гаргаж өгч үдэх нь бичигдээгүй, хүчлэгдээгүй, батлагдаагүй нэг дүрэм болчихсон байв. Тэр мөч мэдээж нулимстай, гунигтай, уяралтай, ухааралтай байдагсан. Намайг гаргаж өгөх ээлж ч дөхөв. Завхан аймгийн Баянтэс сум руу явахаас  өмнө анги даасан Чимэдцэрэн багштайгаа нэг уулзаж, яримаар, бас “баяртай” гэж хэлмээр санагдаад байв. Нутаг явахаар төлөвлөснөөс нэг өдрийн өмнөх өдрийн өглөө эрт МУИС-ийн А байрны 2 давхрын баруун жигүүрт байрладаг багшийн өрөөг шагайв. Чимэдцэрэн багш маань “Ор оо  ор” гэх. Ангийн дарга байсан тул багшийнхаа ааш араншин авирыг бага зэрэг гадарладаг болсон би  “Ангийнхнаа гаргаж өгөөд л байна, бид. Миний ээлж маргааш” гэв.  Үүнийг сонссон багш маань “ Юу гэнэ хө...”; “...гаргана гэнэ, хө” гэж ёжтой янзтай  хэлж өөр зүйл бодож байгаа мэт хэсэг дуугүй байснаа  “Би чамайг Шагдартай ярьсан. Улсын Багшийн Дээд Сургууль (УБДС)-ийн Б байрны 2 давхар, 210 байх аа (өрөөний дугаар). Юун хөдөө явах. Маргааш өглөө Шагдартай очиж уулз. Би хэлчихнэ”  гэв.  Би тэгэхэд нь “Багшаа, би онгоцны билет (тийз) бичүүлчихсэн” гэхэд,  ангийн багш маань “Наадахаа буцаа” гэв. Тэгэхэд  би “Багшдаа, баярлалаа ч гэлгүй, За” гэж хэлэн тэндээс гарч, онгоцны тийзээ буцаав.  

Маргааш өглөө эрт УБДС-ийн Б байрыг олж, жижүүрээс нь “Шагдар багш” гэж асуухад, урдаас, “Багш ирчихсэн. Өрөөндөө байгаа. Математикийн тэнхмийн багш нарын өрөөгөөр дамжин ордог, давхар өрөө шүү” гэв. Би тэр өрөөг олж “Та сайн байна уу, намайг Чимэдцэрэн багш явууллаа” гэхэд,  буурал үстэй, дунд зэргийн нуруутай, цэмцгэр хувцасласан 40 гарч яваа болов уу гэмээр нүдэнд дулаанхан, шардуу царайтай багш суудлаас өдийн “Хүүхээ,  чи чинь Лувсандорж уу” гээд, намайг шууд дагуулан явах зууртаа “Захиралд танилцуулна аа” гэж хэлэв.  Шагдар багш “ректор О.Отгонсүрэн” гэсэн хаягтай хаалгаар орж хэсэг байсныг дараа намайг дуудав. Би захирлын өрөөнд ингэж анх орж,  Шагдар багш, ректор Отгонсүрэн багшийн дэргэд зогсов. (Тэр үед би юу хэлж байснаа одоо нэг л сайн санахгүй байх чинь.  Тийм “том” хүмүүстэй анх уулзаж байсан болохоор мэдээж их сандарч байсан байж таараа). Тэд шинэ багш тул “300 төгрөгийг олгох, мөн хичээл эхлэх хүртэл засварын ажилд туслуулах” гэсэн утгатай зүйл ярьж байв. Захирлын өрөөнөөс гарч тэнхимдээ ирсний дараа Шагдар багш “За, маргааш ажилдаа ор. Зуны амралт эхэлж байгаа тул зундаа засварын ажилд туслана. Шинэ багшийн тэтгэмж 300 төгрөгийг удахгүй олгоно” гэж хэлэв. Шагдар багшийн өрөөнөөс гараад оюутны байр луу явах замдаа болсон явдлыг эргэцүүлэхэд энэ нь миний хувьд яг л зүүд мэт байсансан. Монголын алс нэгэн бөглүү суманд төрж өссөн, сумын сургуулийнхаа математикийн багшаар л өөрийнхөө бүхэл ирээдүйг төсөөлж байсан хотод танил талгүй, хөдөөний эгэл нэгэн оюутан ингэж л шударга, зарчимч, ажил хэрэгч, хариуцлагатай, хүнлэг энэрэнгүй, хүний төлөө багш нарынхаа  ачлалаар  их сургуулийн багш болов оо (Багш нар маань намайг ингэж үлгэр, зүүд мэт өөд татаж, дэм тус болохдоо МУИС-ийн математикийн ангид 10 улирал онц дүнтэй суралцаж, сургуулиа улаан дипломтой төгсөхөд миний гаргасан зүтгэл, хичээсэн хичээлт, урсгасан хөлсний хэмжээг бодсон;  мөн хөдөө өсөж хар бор ажилд нухлагдан төлөвшсөн үнэнч, шударга,  хичээнгүй, зүтгэлтэй  чанарыг  минь таньсан; 8 наснаас  их сургууль төгсөх хүртэл дотуур байранд амьдрах явцад эзэмшсэн бие дааж орших, сурах, унших, амьдрах чадварыг минь үнэлсэн; бас  анги хамт олонтойгоо аятай байхыг эрхэмлэдэг зан харьцааг  минь  шинжиж харсан ч нь байж мэдэх юм)

Хичээлийн тэр жилээс  Шагдар багштай хамт олны хэсэг болж ажиллахдаа багшийг ихэд хүндэтгэж, итгэлийг нь алдахгүй байх гэж ихэд хичээдэг байвч багшаас жаахан эмээж, их зайдуу л байдаг байв (...Зарим нэг цагаан сарын баяраар Батхүү багшийг бараадан багшид золгож хүндэтгэл үзүүлдэг байж). Япон Улсад мэргэжил дээшлүүлж байхдаа мэдсэн, эргэцүүлсэн зүйлдээ тулгуурлан  үндэсний хөтөлбөр, боловсролын стандартыг хөгжүүлэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр докторын зэрэг горилсон нэг сэдэвт ажлыг бичиж дуусаад судалгааны ажлын удирдагчаа олох (Буриадын их сургуулиас манай тэнхимд томилолтоор ажилласан Баклаев гэдэг эрдэмтэн миний ажлыг удирдаж байсан юм. Хол, тэгээд ч чиглэл өөр болсон тул удирдагчаа солих шаардлага гарсан) хэрэг гарав. Тэр үед манай факультетад одоогийнх шиг ийм олон эрдэмтэд байсангүй. Дэд эрдэмтэн, доцент Насанбуянгийн Намсрай, дэд эрдэмтэн, профессор Дамбын Шагдар гэсэн хоёр багш л эрдмийн зэрэгтэй, докторын ажил удирдах боломжтой байж. Шагдар багшид энэ талаар хэлэхэд судалгааны ажлын удирдагч болохыг зөвшөөрч би ч тун их баярлав. Гэхдээ бас “бичсэн зүйл маань багшид таалагдахгүй байх вий дээ” гэж их л санаа зовдог байв. Монгол хэлээр олигтой бичиж чаддаггүй байсан надад багш маань мөн их тус дэм болсон доо. ... Хамгаалах зөвлөлөөр ажлаа хэлэлцүүлэв (2 цаг гаруй өрнөсөн санагдаж байна). Хэлэлцүүлгийн төгсгөлд  Шагдар багш маань удирдагчийн хувьд ажлыг товч дүгнэсэн яриагаа “Хүнд биологийн наснаас гаднаас оюуны нас гэж байна аа... ”[1] гээд л эхэлж байсан нь одоо тод сонсогдох шиг.... Хамгаалах зөвлөлийн гишүүдийн 78 хувийн саналаар (75 хувиас доош бол хамгаалалт хийгдээгүй гэж үзэх юм. Энэ нь унасан, бүтэлгүйтсэн гэсэн үг л дээ) хамгаалалт амжилттай болов. Маргааш өглөө нь ажилдаа ирээд сууж байтал Шагдар багш өрөөнд орж ирээд (ер нь, багш бусад багшийн өрөөгөөр бараг орж харагдахгүй дээ) “...цаад золигнууд тань хатуурхаж байна. Хатуухан хамгаалалт боллоо” гэж хэлээд гарч явсансан. Шагдар багшийн энэ үгний хөг өнгөнд “Намайг урамшуулсан. Магадгүй, жаахан тоосон шинж, өнгө аяс байх шиг; мэдрэгдэх шиг” болж, яагаад ч юм, нүдэнд нулимс хурж, ихэр татан ихээр уйлмаар болж билээ. 

 БСШУЯ-ны захиалгат “Бага, дунд боловсролын стандарт”  төслийн хүрээнд боловсруулсан математикийн боловсролын стандартыг манай тэнхмээр хэлэлцүүлсэн нэгэн уулзалт семинар нилээд ширүүхэн болсон санагдаж байна. Төслийн удирдагч, математикийн боловсролын стандартыг боловсруулах багийн гишүүний хувьд би уулзалт ярилцлагын явцад нилээд амь түргэн байсан биз ээ.  Хэлэлцүүлгийн төгсгөлд Шагдар багш үндэсний боловсролын стандарт, хөтөлбөрийг цаашид хэрхэн сайжруулж болох талаар тодорхой санал, чиглэл, зөвлөмжийг багийн ахлагч Ж.Баатар багшид ихэвчлэн хандсан өнгө янзтай хэлсэн үгнийхээ дунд “Мэдлэг нимгэнтний ам нь түрүүнд” гэсэн үгийг хавчуулж байж билээ. Энэ үг алс бөглүү, аглуу нутагт өсөж торнисон, өөрийнхөө ирээдүйг сумын сургуулийн математикийн багшаар бүрэн төсөөлж явсан хөдөөний тэр нэгэн хүүд бус, харин үндэсний шинжээчийн түвшинд хүрч өндийсөн  их сургуулийн багш, залуу эрдэмтэнд хаягласан багшийн маань сүүлчийнх, гэхдээ мөнхийн захиас байсан юм шиг одоо санагдаж байх. Зүүдэн учралт Шагдар багш минь миний амьдралыг ингэж л зүүд мэт өөрчилсөн нэгэн ачтан юм даа.

Зүүдэнд ирсэн Шагдар багшаа эргэцүүлж дурсан ингэж дуусахад нүд нулимстай, сэтгэл нэг л гунигтай. Гэвч  зүүдний тэр дүрээр багшаа тунгаан дэнслэхэд бас л бахархалтай, бахдалтай.

Ц. Лувсандорж
2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр



[1] Энэ санааг тээж явсаар “Залуухан хөгшид” гэсэн нийтлэл болгосон. 

Monday, August 12, 2019

Хэцүү зорчигч

Хэцүү зорчигч

Хотоос хол гаргах чиглэлийн буудал дээр яг л цагтаа ирж, яг л цагтаа хөдөлдөг автобусаа хүлээж ядан хойшоо, урагшаа хөлхөлдөх  хөгшин залуу, тарган туранхай, өндөр нам, бүдүүн нарийн, таягтай, таяггүй олны дунд зосдуулчихсан  юм шиг шаргал үстэй, тэмээнийх шиг харагдуулж  час улаанаар тод будсан унжгар уруултай,  нүүрнийх нь талаас бараг л том хүрээтэй хар шилийг хамар дээрээ унагаж зүүсэн, бурантаг шиг утастай буйл шиг чихэвчтэй, үнээний тарлан шиг ялгарч харагдах хүзүүндээ цагдаа нохойн хүзүүвчний дайтай металь зүүсэн, хавар оройн зутарсан банхарын үс хөөвөр шиг энэ тэндээ зулгарсан ноорхой,  цоорхой навсгар хөх жинстэй, хөлөндөө буриад гутлыг богиносгож тайрсан мэт харагдах углааштай, сайн аживал, эмэгтэй болов уу гэмээр нэгэн хүн нэг хөлөөрөө газар товшингоо толгойгоо хоёр тийш ээлжлэн гангуулж байх нь хөгжим сонсож байгаа болов уу гэмээр. Тэр хүн том хар шилнийхээ дээгүүр олныг ихэд голсон янзтай эрхэмсэгээр харж  бүжиглэх мэт хөдөлж байхдаа “Муусайн монголчууд цагаа барьдаггүй. Автобус нь ч цагтаа ирдэггүй” гэж бувтнангаа уруул амаа яндан мэт хэлбэр оруулж уушигласан тамхиныхаа утааг агаарт хэлбэр, хэмнэл гарган хийц үзүүлж боргилуулан найган ганхах нь ихэд содон.

Холын чиглэлийн автобус  ч яг л цагтаа ирж буудалдаа зогсоход  дасал болж, танил  болтлоо зорчсон зорчигчид сурмагаар суудлаа эзлэхэд гагцхүү нөгөө зосон  үст содон хүн л харин ганцаараа буудал дээр найган ганхсаар. Тэрбээр гэнэт л ухаан орж, хэвийн болов уу гэлтэй  яаран сандран хөдөлж автобус руу дөхөн очиж, орох хаалганы гишгүүрт нэг хөлөө тавингуутай  л хэвийн биш, ший жүжигэн нөгөө л төлөвтэй эргэн орж, том хар шилний цаанаас нүдээ бүрхэг өдрийн шинийн нэгний  сар хэлбэрт оруулан байж, жолоочид хандан их л ихэмсэгээр “Та нар цагтаа ирдэггүй байж, намайг орхин цагтаа яг хөдлөх гэж байх даа яадаг юм” гэж ихэд дээрэнгүй байдлаар ууртай өнгөөр уцаарлаж хэлсэн нь  жолоочийг бүү хэл, бүх зорчигчийн сэтгэлийг сэрт хийлгэв. 
Зорчигч бүрийн сэтгэлийг тийнхүү сэрт хийлгэсэн Зосон үстийн уг чанарыг барив уу гэлтэй эзнийхээ энгэрт наалдан, байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй шахуу явдаг, шинэ цасан дээр унасан нүүрсний хэлтэрхий шиг нүднээс нь бусад нь сэгсгэр үс л харагддаг хэнз хурга шиг сагсгар цагаан хав хүртэл бас сэртхийн “хав, хав, хав” гэж хоёр гурав дуугарав. 
Жолооч дотроо уугиж байгаа дургүйцлээ барьж ядан байвч бичлэгийн камер луугаа нэг харсхийснээ ихийг санав бололтой “Та явах бол орно уу” гэж  уриалгахнаар эмэгтэйд хэлэхэд, тэрбээр хамар дээрээ унасан хар шилээ баруун гарын эрхий, долоовор хуруугаараа ихэд чамирхахсан байдлаар барьж ядан  засаж байгаа мэт дүр үзүүлж, зосон шаргал үсээ сурмаг байдлаар хоёр тийшээ сэхсэлзүүлэн автобусанд орж, суудлаа сонгож байгаа болов уу гэлтэй түр зогс хийснээ  шууд л нэг залууг онилж харав бололтой  түүн руу чиглэн довтолж байгаа юм шиг хэд алхан бараг л унах шахан налж ирэхэд нь  хөөрхий залуу муурнаас зугтаж байгаа хулгана лугаа год үсрэн холдож өгөв. Зосон үст ийнхүү суудал олж суунгуутай уг залууд “Баярлалаа” ч гэж хэлсэнгүй, харин бүр эсрэгээрээ  түүнийг буруутгасан янзтайгаар  “Чи ээжгүй юу, чи эгчгүй юу” гэж загнахад нь зорчигчид түүний энэ үглээг нь ихэд буруутган дургүйцлийн харцаар бүгд л нэг зэрэг шахуу түүн рүү харав. Нөгөө сагсгар цагаан хүртэл харцаа ширүүсгэн харж байв.
Нөгөө эмэгтэй суудалдаа тухлах ч завгүй  утсаараа шууд л “За, автобусанд суучихлаа” гэж эхлэн, цааш нь, ойрын хэдэн өдөр, шөнө өөрт  тохиолдсон бүхнээ “илэн далангүй, нээлттэй байх” гэдгийг хэтрүүлж буруу ухаарсан бололтой ёстой жинхэнэ илэн далангүйгээр, уулын амны нэг энгэрээс нөгөө энгэрт бэлчиж яваа мал сүрэгтээ чимээ өгч маллаж байгаа шиг чангаар хашгирч  жинхэнэ нээлттэй, задгай ярьж гарав. Түүний  энэ хашгирааныг тэсэн явж цаашид чадахгүй болсноо мэдсэн бололтой нэгэн бадриун эр түүнд хандан  “Нийтийн автобусанд ингэж чангаар битгий ярь” гээд хэлчихэв.  Тэгтэл юу болсон гээч. 

Зосон үст нөгөө бадриун эрийг үгэн бөмбөгөөр ёстой аймаар бөмбөгдөж өгөв.  Тэрбээр “хүний эрх, миний эрх чөлөө” гэж чангаар хэлж эхэлснээ,  цааш нь түүний  үнэр танир, ахуй соёл, харагдах байдлыг нь хүртэл буруутган сонсомгүй элдэв үгийг  нэгэн амьсгаагаар  урсган хашгирч гарснаа, уур уцааран нь оргилдоо хүрэн тэсрэх тэр эгшиндээ хормой хотын хараалын орос үгийг  америкийнхтай  хольж хутган байж бүүр хэд хэд удаа  түүнд удаан хэлэв. Эцэст  нь, тэрээр бүүр суудлаасаа босож байгаад  үгээр ч дүрслэн буулгаж болмооргүй үйлдэл, дүр авирыг түүнд бас үзүүлэв.  Бадриун эр  Зосон үстийн энэ түрэмгий авирт бүүр шоконд орж, хий дэмий л гар хуруугаа эв хавгүй хөдөлгөн цонхоор харсан дүр эсгэн таг чимээгүй болж гөлийн суух.  Бадриун эрийг Зосон үстээр ийнхүү үгээр балбуулж байхыг харж, сонсож,  гэрч болсон зорчигчид одоо түүнд өмнөх шигээ дургүйцлийн харц шийдэх бүү хэл түүнтэй харц  тулгарахгүй байхыг хичээн зарим нь залбирч байгаа мэт нүдээ тас аниж,  үлдсэн нь бадриун эрээс суралцав уу гэлтэй байгаль орчноо харж яваа дүртэйгээр цонх луу л хараагаа чиглүүлэн явах. Энэ бүх дарамтыг мэдэрсэн юм болов уу гэлтэй нөгөө сагсгар цагаан хав хүртэл эзнийхээ энгэрт биш харин суга руу толгойгоо хийн нугжаан нуугдсан байв.
 
Холыг зорьсон автобусны энэ эвгүй байдал, тэр сонсомгүй чимээ харин Зосон үст “Нэгж дуусаж байна, над руу залга” гэж хэлэхтэй хамт замхарч алга болоход зорчигч бүр л дотроо ихэд баярлаж, түүний нүдийг хариулан байж бие биедээ таатай байдлаа илэрхийлж суутал  нөгөө эмэгтэй монгол хошин шог бололтой бичлэгийг тавьж, түүнийгээ чихэвчгүй, чангаар сонсож эхлэв. Тэрбээр тэр бичлэгийн жирийн нэгэн үзэгч, сонсогч биш бололтой. Тэр бүр бичлэгийн  жүжигчнийг дуурайн, дуулахад нь чангаар дуулж, инээхэд нь хамт инээж, уйлахад мөн л тэгэж уйлж, хашгирахад нь хүртэл чангаар хашгирч түүндээ бүр орж байв. Энэ нь түүнд аятай ч, зорчигчид бол нэн хэцүү байсан боловч бүгд л “Бадриун эрд сая юу тохиолдсныг мэдэх” тул дургүйцлээ дээд цэгтээ тулган барьж ядан явцгаана.  Төдий л удалгүй харин Зосон үст  жолоочид хандан “Утасны цэнэг дуусаж байна. Утсаа цэнэглэмээр байна” гэхэд  нь тэрбээр харин эр хүн шиг эр зориг гарган “Үгүй”  гэж шууд хэлснээр  энэ байдал тэгэсхийгээд өндөрлөв.  Жолоочийн энэ сайн үйлсэд  зорчигч бүхэн талархаж, баярласнаа  Зосон үстийн нүдийг хариулж байгаад дохионы хэлээр толиор нь дамжуулж илэрхийлж байв. Сагсгар цагаан хүртэл эзнийхээ суганаас суга үсрэн гарч баяр баясал тээсэн харцтай  нүдээ бөлтгөнүүлэн бүүр соотолзон зогсож байсан гээд бод доо. 
Ийнхүү Зосон үстийн утас, бичлэгээр тарьсан дуу чимээ, ший жүжиг ийнхүү өндөрлөж холыг зорьсон автобусны байдал хэвийн болж эхлэхэд зорчигч бүрийн сэтгэл нэг тэнийж уншдаг нь унших гэж, унтдаг нь унтах гэж, эргэцүүлдэг нь эргэцүүлэх гэж тухлаж ядна. Энэ тухтай байдлыг мэдэрсэн гэмээр сагсгар цагаан хав хүртэл эзний энгэрт эрхэлж ядна.  
Тэдний  ядан тухласан энэ байдлыг  гэтэл “өндрөөс дусаж байгаа дусаалынх  шиг “тас няс, няс тас, тас няс” гэсэн  ер бусын чимээ эвдэв.  Бас юу вэ?, Юун дусаал вэ
Энэ мэтээр  дургүйцэж  зорчигч бүр л тэр дуу чимээний учрыг олох гэж дор дороо эрэлхийлэв. Жолоочийн бүхээгийн яг ард сууж авсан нэгэн өндийж байгаад түүнд хандан “Энэ хавьд дусаал дусаад байна аа” гэж байх нь сонсогдоно.  Жолооч хариуд нь “Дусаал дусаах бороо орох бүү хэл, нүдэнд ч торох ч үүл алга” гэж хариулсанд тэд бүгд л яах учраа олж ядан байснаа энэ талаар элдэв таамаг дэвшүүлж бараг л хэлэлцүүлэг шахуу өргөн яриа  өрнүүлэв. Гэтэл Зосон үстийн харалдаа сууж авсан нэгэн охин юу хэлэхээ эвлүүлж ядсан янзтайгаар суудлаасаа жаахан эргэж  хажуулдангаа эрүүгээ түүний зүг дохиход бүх зорчигч  “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс,няс тас, тас няс” гэсэн өнөөх танил чимээг түүний хавиас гарч байгааг олж мэдэв.  Зосон үстийг тэмээнийх шиг харагдуулж будсан уруул, эрүү, ам, хэлээ оролцуулж байгаад “Жалир, жалир, жалир жалир,пүс” гэж дуу гаргасны хойх нь л тэндээс “тас няс, няс тас, тас няс” гэсэн тэр чимээг гарч байв.  “Тэр бохь зажиглаж байгаа юм байна” гэж тээр тэнд сууж яваа нэг нь тэсэлгүй хэлснээ бадриун эрд саяхан юу тохиолдсныг санаж ихэд айсан бололтой, юуг ч хэлээгүй хүний дүрд маш хурдан хувиран цонх ширтэв.  Бусад нь бас л иймэрхүү төлөвт хурдан орж харагдана. 
“Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс,  няс тас, тас няс”. Ийм нэгэн хэвийн хэмнэлтэй чимээг удаан сонсож суух нь  “Толгойны орой дээр нь өндрөөс усыг нэгэн тодорхой хэмнэлтэйгээр дусааж хүний тэвчээрийг барьж тамлан зовоодогтой” бараг л адилсах шахуу тийн их  төвөгтэй байдаг аж. Ийм л нэгэн хэмнэлтэй тийм л нэг хэцүү зовлонг зорчигчид ч нилээн тэвчив, автобус ч нилээд давхив. Удаан үргэлжилсэн “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс, няс тас, тас няс”  гэх нэг хэмнэлтэй, ер бусын хүйтэн энэ дуу чимээнд  хөгшдийнх  нь даралт ихсэв. Залуусынх нь уур огшив. Сагсгар цагааны моолин хар нүдний харц хүртэл ширүүн болж өөрчлөгдөв. Тэвчихэд хязгаар байдаг бололтой.  
Ийнхүү тэдний тэвчээр хязгаараа давах шахсан тэрхүү торгон агшин дээр уг хэмнэлдээ бүүр орчихсон суусан Зосон үст суудлаасаа гэнэт босон харайж буух янзтай хаалга руу чиглэн довтлоход ашгүй тэрхүү чимээний хэмнэл бага ч болов ч алдагдсанд хүн бүрийн тээсэн   тэр зовлон их л нимгэрэх шиг болов. Тэрбээр буух хаалга чиглэн довтлохдоо бас л  нөгөө л “Жалир жалир, жалир жалир, пүс, тас няс, няс тас, тас няс” чимээтэйгээ л байж урд нь явсан нэгний толгой руу дэлсэж, нөгөөгийнх нь нуруу руу чичлэн харагдах. Зосон үст нэг хөлөө газар тавингуутай л гэнэт ахиад л хэвийн биш, хий ший жүжигэн төлөвтэй эргэн хурдан орон,  нөгөө л том хар шилнийхээ цаанаас нүдээ хавирган сар шиг болгон духаараа харж байгаа мэт болсноо  “Муусайн монголчууд соёлгүй. Буулгах буудлаа ч зарладаггүй” гэхчилэн үглэж эхлэхэд жолооч бас л уриалгахнаар “Та буух уу” гэж хэлэн хаалгыг алгуур хаахад тэрбээр бүр нэг хөлөө хавчуулан ширэгдэх дөхөв. 
Зосон Үстийг тийнхүү ший жүжиг болон буухад зорчигчид холын аяны хэвийн хэмнэлдээ орж унших нь уншихаар, унтах нь унтахаар, эргэцүүлэх нь эргэцүүлэхээр тухлана. Тэднийг тээсэн холыг зорьсон автобус ч бас хэдэн тонн ачаагаар хөнгөрсөн мэт салхи татуулан хүнгэнэн довтолно.  
Гагцхүү дотор талын толиндоо Зосон үстийн үйл бүрийг ажиглан явсан жолооч л харин түүний хэцүүхэн авир, араншинг олон жилийн турш харсан, уулзсан бум түмэн хэрсүү зорчигчдийнхтой харьцуулж, үснийх нь төрмөл биш зосон шаргалыг нь монгол хүний өнгө зүсэнд нийцсэн арга билгийн хар өнгөөр болгож, хамар дээр нь тохогдсон том  хар шилийг дорны  хүний нүүр,хацар, дух, нүдний хэлбэрт алтан харьцаагаар зохицсон эх дүрсэн байлгаж, улаанаар тод будсан уруулыг нь тал нутгийн хүний хонин бор нүдний өнгө, нүүрний хэлбэрт уусган өнгөлж, бурантаг шиг урт утастай атлаа огт хэрэглэгдэхгүй шахуу чихэвчийг нь холын аянд нийцсэн чимээ дарагч болгож,  уранхай цоорхой ноорхой навсгар жинсийг нь урт замын аянд нийцсэн ухаалаг өмдөөр сольж, тайрчихсан буриад гутал шиг углаашийг нь аян замын уртад хөлийг нь хамгаалж, улийг нь амраах гутлаар сольж түүнийг ийнхүү хэрсүү нэгэн болгон тархиндаа хувирган, толиндоо харин хэцүү зорчигчийн буусан буудлын хав ойрыг гүйлгэн харангаа түүнийг  тэнд харийн соёлын хэмнэлд автаж өвчтэй хүн шиг салганаж,  согтуу хүн шиг найган ганхан элдвээр бас л хий ший жүжиг тавин яваагаар биш харин алсын өндөр уулсыг тэмээний харцаар тэнэгэр харж, урд дахь замаа загварын тайз лугаа бодон цээж өргөн,  өвдөг эгцлэн, хөнгөн, хээнцгэрхэн тогоруун алхаагаар алхангаа  “Муусайн монголчууд” гэж үглэх бус “Муу монгол минь” гэж  хэрсүүжсэн бодолтой яваагаар хоромд буулган харснаа хоромхонд орхиж,  “Ээ дээ, хүний араншин аа, хүний амьдрал аа, хүмүн заяа аа...” гэж өөртөө шивнэн, уртаа нэг санаа алдснаа урдах замаа ширтэн улам л урагшлан довтлоход уулс дэргэдүүр урсаж  өнгөрнө.  

Ц.Лувсандорж

2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр